Хусит болон Иракийн зэвсэгт бүлэглэлүүд Персийн булан дахь үйл ажиллагаагаа нэмэгдүүлжээ
Мэдээллийн алба

Йемений хуситууд болон Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийн хамтын ажиллагаа өргөжиж, Саудын Араб болон Персийн булан дахь АНУ-ын холбоотнуудад үзүүлэх дарамт нэмэгдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тодруулбал, эдгээр бүлэглэл цэргийн ажиллагаагаа уялдуулах, дрон болон пуужингийн довтолгоонд туршлага солилцох болсон байна.
Өнгөрсөн долоодугаар сард Саудын Арабын газрын тосны байгууламжууд руу олон тооны дроноор халдсаны дараа Саудын Араб, АНУ Ирак дахь Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдэд хамтарсан агаарын цохилт өгсөн юм. Саудын Арабын хоёр албан тушаалтан болон Иракийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтны мэдээлснээр тухайн халдлагыг зохион байгуулахад хуситууд оролцож, тэдний төлөөлөгчид Иракийн бүлэглэлүүдийн ажиллагааны төвд ажиллаж байжээ.
Харин Иракийн Аюулгүй байдлын хүчний бүрэлдэхүүнд багтдаг Ардын дайчилгааны хүчний хоёр төлөөлөгч Саудын Араб руу хийсэн халдлагад оролцсон гэх мэдээллийг няцааж, хуситууд тус байгууллагын хүрээнд ажиллагаа явуулсан гэдгийг мөн үгүйсгэсэн.
Ирак дахь зэвсэгт бүлэглэлүүд болон хуситуудын хамтын ажиллагаа Газын зурвасын дайны үеэс нэмэгдэж, Израилийн эсрэг зарим ажиллагааг хамтран зохицуулж байсан гэж бүс нутгийн эх сурвалжууд мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Иран энэ сүлжээгээр дамжуулан Персийн булан дахь АНУ-ын холбоотнуудад дарамт үзүүлж, бүс нутгийн мөргөлдөөний өртгийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Үүний зэрэгцээ хуситууд Улаан тэнгист Саудын Арабын хөлөг онгоцны хөдөлгөөнд хориг тогтоосноо зарласан байна. Долдугаар сарын сүүлээс хойш Саудын Арабын газрын тосны байгууламж болон нефть тээвэрлэгч хөлөг онгоц руу арав гаруй удаа халдсан гэж зэвсэгт мөргөлдөөнийг хянадаг байгууллага мэдээлжээ. Сүүлийн удаагийн цуврал халдлагын улмаас Саудын Арабын өмнөд хэсэгт 70 гаруй хүн шархаджээ.
Ормузын хоолойн тээвэр саатсаны дараа Саудын Араб газрын тосныхоо ихээхэн хэсгийг Улаан тэнгисийн чиглэлд шилжүүлсэн ч хуситууд энэ замыг мөн онилох болсноор Саудын Араб газрын тосоо Суэцийн суваг болон Египетийн СУМЕД дамжуулах хоолойгоор тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлжээ. Уг чиглэлийн урсгал зургаадугаар сард өдөрт 650 мянган баррель байсан бол наймдугаар сард 1.9 сая баррелиас давжээ.
Йеменд 2022 оноос хойш харьцангуй тогтвортой байсан гал зогсоох дэглэм сүүлийн мөргөлдөөнүүдийн улмаас ихээхэн алдагдаж, Саудын Араб болон хуситуудын хооронд дахин өргөн хүрээний мөргөлдөөн эхлэх эрсдэл нэмэгдсэнийг шинжээчид анхааруулж байна.

















