МҮОНРТ
Улс төр

Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов
Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Япон Улсын Саппоро хотын дэд дарга Като Осаму тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Саппоро хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, өвлийн хотын менежмент болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Улаанбаатар, Саппоро хот нь олон жилийн турш харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Тухайлбал, 1998 онд Дэлхийн Өвлийн хотуудын дарга нарын холбооны хүрээнд харилцаа тогтоосноос хойш хоёр хотын мэргэжилтэн, оюутан солилцоо, сургалт, хот тохижилт, аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, байгаль орчин зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа хэрэгжүүлж, харилцан туршлага солилцож ирсэн байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн уламжлалт хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, хоёр хотын иргэдэд бодит үр өгөөж бий болгох төсөл, санаачилгад түлхүү анхаарах нь зүйтэй” гэдгийг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь хотын дэд бүтцийг шинэчлэх, инженерийн болон нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эдийн засгийн идэвхтэй бүсүүдийг шаардлагатай дэд бүтцээр хангах явдал гэдгийг тэмдэглэв.

Энэ хүрээнд Саппоро хотын хот төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, ус хангамж, ариутгах татуурга, зам, нийтийн тээвэр болон өвлийн улирлын дэд бүтцийн менежментийн туршлагаас суралцах, холбогдох байгууллагуудын мэргэжлийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх бодлогын хүрээнд зам, дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуурга болон бусад инженерийн дэд бүтцээр цогцоор нь хангах шаардлагатай байгааг онцолж, Саппоро хотын туршлагыг судлах нь ач холбогдолтой болохыг илэрхийлэв. Түүнчлэн өвлийн хотын хувьд эрчим хүчний үр ашиг, дулаан хангамж, барилгын дулаан алдагдлыг бууруулах нь байгаль орчны асуудлаас гадна хотын эдийн засаг, өрхийн зардал, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг чухал асуудал болохыг онцоллоо. Энэ чиглэлээр эрчим хүчний хэмнэлттэй барилга, барилгын дулаалга, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологи, ногоон дэд бүтэц болон дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд хэлэлцэв.

Өмнө нь хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд нүүрстөрөгчийн ялгаралгүй хотын хөгжлийг дэмжих чиглэлээр уулзалт, семинар зохион байгуулж байсан туршлагад тулгуурлан энэ чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ. Цаашид хоёр хотын холбогдох байгууллагуудын хооронд тогтмол харилцаа холбоо тогтоож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг тодорхойлон, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд санал солилцов.

Хуваалцах