Трамп: Бүгд Найрамдах нам ялбал насанд хүрсэн америк хүн бүрд 5000 ам.доллар олгоно
Мэдээллийн алба

НУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулиар Бүгд Найрамдах нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатын олонхоо хадгалбал Америкийн насанд хүрсэн хүн бүрд 5000 ам.доллар олгоно гэж амлалаа.
Тэрбээр есдүгээр сарын 9-нд Даллас хотод болсон Бүгд Найрамдах намын чуулганы үеэр “Хэрэв Бүгд Найрамдах нам ялбал та бүхэн бидэнтэй хамт ялж, 5000 ам.доллар авна. Үүнийг Трампын ногдол ашиг гэж нэрлэнэ” хэмээн мэдэгджээ.
Харин мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, ямар шалгуураар олгох талаар Трамп тодорхой мэдээлээгүй байна. Ийм хэмжээний мөнгөн олголтыг хэрэгжүүлэхэд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай. Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс чинээлэг иргэдийг хамруулахгүй байж болох бөгөөд тарифын орлогоос санхүүжүүлэх боломжтой гэж дараа нь тайлбарлажээ.
АНУ-д ойролцоогоор 270 сая насанд хүрсэн хүн байгаагаар тооцвол уг амлалтыг бүрэн хэрэгжүүлэхэд 1.35 их наяд орчим ам.доллар шаардлагатай. Энэ нь АНУ-ын төсвийн алдагдал 1.8 их наяд ам.долларт хүрч, улсын өр 40 их наяд ам.доллар давсан үед төсөвт томоохон нэмэлт дарамт учруулах боломжтой гэж санхүүгийн шинжээчид анхааруулж байна.

















