Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажлын үргэлжилж байна
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын үзэгдэх орчин болон орчны гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор “Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн ажил”-ыг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхлүүлсэн.

Ажлын хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 684 ширхэг гэрэлтүүлгийн шонгийн анкер суурийг суурилуулж, гэрэлтүүлгийн шон угсрах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд цаашид гэрэлтүүлгийн шон болон холбогдох тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 60 ширхэг гэрэлтүүлгийн шонг угсарч, босгон суурилуулсан бөгөөд гэрэлтүүлгийн толгой, нарны зайн хавтан болон бусад дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажлыг хийж байна. Мөн толгой суурилуулах багц ажлын хүрээнд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлэх ажил үргэлжилж байна.

Тус гэрэлтүүлгийн ажил бүрэн хэрэгжсэнээр Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замын шөнийн үзэгдэх орчин сайжирч, иргэд, жолооч, зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ зам тээврийн осол, эрсдэлийг бууруулах, авто замын орчны аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


















