Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
Хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо. Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ.
Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувийн өсөлттэй байна. 2026 оны улсын төсөвт төлөвлөсөн экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сард 100 хувь хангагдлаа.
Уул уурхайн экспортын биет хэмжээ нь жилийн төлөвлөгөөнөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байна. Экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна.
Уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өслөө. Тухайлбал, 2026 оны эхний есөн сарын байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар тус тус өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ.


















