Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

“Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч, Элчин сайд Яан Браату тэргүүтэй төлөөлөгчид “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 07-нд ГХЯ-нд зохион байгуулав.

Тус сургалтад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөл, их сургуулийн багш, судлаачид оролцсон бөгөөд (a) Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, (б) Үзэгч, сонсогч, уншигчдад төдийгүй сэтгүүлчдийн хувьд хэвлэл мэдээллийн боловсролын ач холбогдол, (в) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх олон улсын зарчим болон үндэсний хууль тогтоомжууд, (г) “Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмуудыг Монгол улсын практикт хэрэгжүүлэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.

Сургалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг үг хэлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилсан тогтолцооны суурь үнэт зүйлсийн нэг гэж үздэг, хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, хараат бус байдал, хариуцлагатай, ёс зүйг дэмжих нь бидний нийтлэг зорилго болохыг тэмдэглэж, техник, технологийн хөгжил дэвшлийн үр дүнд мэдээллийн цар хүрээ, хүртээмж, агуулга өргөжин тэлж, нийгмийн сүлжээ мэдээлэл авах төдийгүй түгээх, дэлгэрүүлэх өргөн боломж олгож буйг дурдав. Монгол Улс дахь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын зөв зохистой хөгжлийг гадаад харилцаа, дипломат ажиллагаагаар дэмжихийг эрмэлзэж ирснийг онцлов.

ЕАБХАБ-ын Төлөөлөгч Яан Браату нээж хэлсэн үгэндээ Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний үүргээ биелүүлэн нээлттэй байдлаар, хамтран ажиллах санал тавин эх орондоо урьсан явдалд талархал илэрхийлж, Монголын сэтгүүлчидтэй уулзах боломж олгон, улмаар сонирхосон асуултад нь хариулах болсондоо таатай буйгаа цохон дурдав.

Яан Браату мөн Монголын сэтгүүлчдийн мэдээ сурвалжилга, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэргэжлийн стандартыг бэхжүүлэх талаарх хүчин чармайлтыг сайшааж, сэтгүүлчид аюулгүй хараат бус, зүй бусаар хөндлөгөөс оролцох аливаа нөлөөлөлгүйгээр ажиллах боломжтой байх ёстойг онцлов. Мөн тэрээр ёс зүйтэй сэтгүүл зүй нь мэдээллийг үнэн зөв, төвийг сахисан, шударга байдлаар хүргэх, хүний нэр төрийг хүндэтгэх, эх сурвалжаа хамгаалах, нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээн зэрэг ойлголтыг хамруулахыг дурдаж, баталгаатай баримт болон шийдэгдээгүй тодорхой бус асуудлын хооронд нь ялгаж харуулах, мэдээллийг хэрхэн олж авснаа тайлбарлах, алдаа гарсан тохиодолд засварыг ил тод хийх зэрэг нь чухал болохыг дурдав.

Ташрамд дурдахад ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар нь тус байгууллагын гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай улс ЕАБХАБ-ын гишүүнээр 2013 онд элсэн орсон.

Хуваалцах