Ши Жиньпин АНУ-д хийх гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ
Мэдээллийн алба

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийхээр Вашингтонд хүрэлцэн иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт түүнийг Мэрилэнд мужийн Жойнт Бэйс Эндрюс цэргийн нисэх буудалд угтан авсан байна. Энэ нь Ши Жиньпиний АНУ-д бараг гурван жилийн дараа хийж буй анхны айлчлал юм.
Угталтын үеэр улаан хивсний ёслол зохион байгуулж, цэргийн найрал хөгжим тоглон, ёслолын буудлага хийжээ. АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын удирдагчийг Жойнт Бэйс Эндрюс баазад биечлэн угтсан нь 2015 оноос хойших анхны тохиолдол болсон байна.
Трамп, Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ пүрэв гарагт болох бөгөөд худалдаа, технологи, Тайвань, Иран болон мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх асуудал хэлэлцэх гол сэдэвт багтаж байна. Хоёр тал зарим салбарын тарифыг бууруулах, цэргийн харилцааны сувгийг өргөжүүлэх, хиймэл оюун ухааны асуудлаарх яриа хэлэлцээг нэмэгдүүлэх боломжийг мөн авч үзэж байгаа аж.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр, хоёр улс арваннэгдүгээр сарын 10-нд дуусах байсан худалдааны түр тохиролцоогоо хоёр сараар сунгаж, 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Гэхдээ Тайвань, ховор металл, технологийн экспортын хяналт зэрэг асуудлаар хоёр талын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Айлчлалын хүрээнд Цагаан ордонд цэргийн ёслол, төрийн зоог зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Apple-ийн Тим Кук, Nvidia-ийн Женсен Хуан, OpenAI-ийн Сэм Алтман зэрэг технологийн салбарын удирдлагууд оролцох төлөвтэй байна.
Ройтерсийн мэдээлснээр, томоохон өргөн хүрээний тохиролцоонд хүрэх хүлээлт харьцангуй бага байгаа ч талууд харилцаагаа тогтвортой байлгахыг зорьж байгаа юм.


















