Шатахууны хомсдол оочир дараалал үргэлжилсээр л байна
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр эхлэн бий болсон шатахууны хомсдол оочир дараалал үргэлжилсээр л байна.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10 хоног, Дизелийн түлш 28 хоног, Онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгаа аж. Гэвч өнөөдрийн байдлаар ШТС-д урт оочир дараалал үргэлжилж байна. Энэ оочир дараалал хэзээ хэвийн болох нь тодорхой бус.
ШТС-ын оочир дараалал ямар байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ. Баянгол дүүргийн 23 хороо, Зурагтын шинэ эцсийн орчимд байрлах “Сод Монгол”, “Super 92” зэрэг ШТС-уудад автомашины урт цуваа үүссэн байдалтай байна.

Шатахууны оочир дараалал багасгахгүй хэдэн сар үргэлжилж байна гэв
Шатахуунд оочирлож байгаа жолооч нарын байр суурийг сонслоо.
Иргэн Б.Мандах “Шатахуун хэвийн өгч байгаа боловч оочир дараалал нэлээд байна. Гэхдээ хонож, өнжин оочирлож байсан үеийг бодвол бас арай гайүй, 1-2 цаг оочирлоод авч байна. Шатахуунаа өгөхдөө хэмжээ заахгүй өгч байгаа болохоор бас учиртай байгаа. Шатахуун авах гэж зунаас хойш оочирлоо. Энэ байдал хэвийн үзэгдэл болох шинжтэй байна” гэдгийг хэлж байв.
Иргэн н. Отгонбаяр “Миний хувьд 2 цаг гаруй оочирлож байна. Одоо 5-6 машины дараа л авах гэж байна. Бензин өгч байгаа газруудын оочир дараалал багасахгүй л байна. Зарим газрууд хэмжээ зааж байхад зарим заахгүй өгч байна. Би одоо 50 мянгад хийлгэх гээд оочирлож байна. Одоо ч бид шатахуундаа оочирлож сурлаа.

Анх оочир, дараалал үүсэж байхад нэлээд хэцүү байсан. Ажил төрлөө алдаад өдөржин, шөнөжин оочирлож байж авч байсан шүү дээ. Шатахуунд оочирлож зогсох нь жолооч нарын хамгийн гол ажлын нэг болсон. Өнөөдөр оочирлоод шатахуунаа авчихвал, таван хоног авахгүй санаатай л байна. Энэ их оочир дараалал хэзээ байхгүй болохыг мэдэхгүй. Нөөц бий болгож байгаа гээд байдаг боловч бодит байдал дээр оочир дараалал багасгахгүй байна” гэдгийг онцоллоо.
Иргэн Б.Нямаа “ Шатахууны оочир дараалал багасгахгүй хэдэн сар үргэлжилж байна. Өнөөдөр жолооч нар хамгийн чухал ажлын нэгэн шатахуунд оочирлох. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа бүх ШТС-ууд оочир дараалалтай байна. Одоо хүйтний эрч чангарахаар бүр л хүнд болох байх. Төр засгаас нөөц бүрдүүлж байна гэж худлаа мэдээлэл хийхээс өөр доривтой арга хэмжээ авахгүй л байх шиг байна. Хэлж суухаар хэрэгжүүлдэг баймаар байна” гэв.

Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгыг баталгаажуулжээ
Шатахууны шуурхай штабаас өчигдөр /2026.11.03/ мэдээлэл хийхдээ ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5,700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна. Ингэснээр аравдугаар сарын захиалга бүрэн биелэж байна. Мөн БНХАУ-аас захиалсан 8 мянган тонн автобензин бүрэн орж ирсэн.
Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгыг баталгаажуулсан. Үүнд ОХУ-аас 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, Казахстан Улсаас 3 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн. Мөн шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт саатахад нөлөөлж буй нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Одоогийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1,500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна.
Арав, арваннэгдүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.


















