Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” дулааны цахилгаан станцын нээлтэд оролцлоо.

Тус станц жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 440 сая киловатт цагийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай. Ингэснээр 150 мянга орчим айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр, 30 мянган айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэж байна.

Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэн 21 хувийг импортоор хангаж байгаа юм.

Улсын хэмжээнд 2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цагт хүрсэн нь өмнөх оноос 8.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин энэ онд хэрэглээ 13.6 тэрбум киловатт цагт хүрч, 7.5 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ.

“Сүхбаатар” дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээс гадна газар тариалан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Тухайлбал, тариаланчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх, хүнсний үйлдвэрүүд тогтвортой ажиллах, орон нутагт шинэ ажлын байр бий болгох нөхцөл бүрдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр тус станцыг орон нутгийн эдийн засгийг тэлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлийн бодит үр дүн гэдгийг онцоллоо.

Мөн станцын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлсэн хамт олон, инженер, техникийн ажилтнууд болон тэдний гэр бүлд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Хуваалцах