Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Чөлөөт цаг

Махчин халимнуудын ан хийх өвөрмөц арга эрдэмтдийн анхаарлыг татаж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Махчин халимнуудын ан хийх өвөрмөц арга эрдэмтдийн анхаарлыг татаж байна
Махчин халимнуудын ан хийх өвөрмөц арга эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Зураг: МҮОНРТ

Далайн хамгийн хүчирхэг махчин амьтдын нэг орка халим аварга цагаан загасыг агнахдаа онцгой арга хэрэглэдэг нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Тэдний ан хийх чадвар, хамтын ажиллагаа нь далайн амьтдын тархац, экосистемийн тэнцвэрт байдалд хүртэл нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.

Өмнөд Африкийн Кейптаун хотын ойролцоох эрэгт 2017 онд аварга цагаан загаснууд дараалан үхсэн байдалтай олдсон нь судлаачдын сонирхлыг татсан юм. Шинжилгээгээр эдгээр загасны элэг алга болсон нь тогтоогдож, улмаар Порт, Старборд хэмээн нэрлэсэн хоёр орка халимтай холбоотой болохыг судлаачид тогтоожээ.

Аварга цагаан загасны элэг өөх тосоор баялаг, илчлэг өндөртэй бөгөөд биеийн жингийнх нь 28 хүртэлх хувийг эзэлдэг байна. Иймээс орка халимнууд загасыг агнахдаа шим тэжээл хамгийн ихтэй хэсгийг нь сонгон иддэг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Судлаачид 2022 онд орка халимнууд аварга цагаан загасыг хамтран агнаж буйг нисгэгчгүй төхөөрөмжөөр дүрсжүүлсэн байна. Тэд загасыг дээш харуулан эргүүлж, түр хугацаанд хөдөлгөөнгүй болгосны дараа агнадаг аж.

Харин 2023 онд Старборд хэмээх орка халим 2.5 метр урт аварга цагаан загасыг ганцаараа хоёр минут хүрэхгүй хугацаанд агнаж буйг ажигласан нь эдгээр амьтдын ан хийх чадварын талаар шинэ мэдээлэл өгчээ.

Орка халимнууд сүргээрээ амьдарч, хоорондоо харилцахын зэрэгцээ ан хийх арга барилаа үр төлдөө зааж сургадаг онцлогтой. Харин аварга цагаан загас ихэвчлэн ганцаараа амьдардаг учраас орка халимнууд хамтран агнахдаа давуу талтай байдаг гэж судлаачид үзэж байна.

Сонирхолтой нь, орка халимнууд үзэгдэх болсон газраас аварга цагаан загаснууд олноороо дайжин, өмнө нь амьдарч байсан бүс нутгаа орхих болжээ. Өмнөд Африкийн зарим эрэг орчимд ийм өөрчлөлт ажиглагдсан бол АНУ-ын Калифорнийн эрэгт ч орка халимнууд ирсний дараа аварга цагаан загаснууд тухайн бүсээс холдож байгааг тогтоосон байна.

Энэ нь далайн бусад амьтдын тоо толгой, идэш тэжээлийн хэлхээнд нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, аварга цагаан загас цөөрсөн зарим бүсэд далайн хав болон бусад төрлийн загасны тоо нэмэгдсэн нь экосистемд цаашдын өөрчлөлт үүсгэж байна.

Гэхдээ аварга цагаан загасны тоо толгой буурахад орка халимнуудын ангаас гадна хүний үйл ажиллагаа, хэт агнуур, далайн бохирдол, идэш тэжээлийн хомсдол зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг судлаачид онцолжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар орка халимнуудын ан хийх өвөрмөц арга нь тэдний оюун ухаан, суралцах чадвар, нийгмийн зохион байгуулалтын нэг илрэл юм. Үүний зэрэгцээ далайн нэг төрлийн махчин амьтны зан төлөв өөрчлөгдөхөд бусад олон амьтны амьдрах орчин, тархац хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулж байна.

Хуваалцах