Антропик компани 64.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөжээ
Мэдээллийн алба

Хиймэл оюун ухааны «Клод» системийг хөгжүүлэгч АНУ-ын Антропик компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгож, 64.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд ам.долларт хүрч болзошгүй байна.
Тус компани арваннэгдүгээр сарын 10-нд хөрөнгө оруулагчдад хувьцаагаа танилцуулж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт АНУ-ын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн баримтад дурдсанаар «Антропик» нийт 825 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70–78 ам.доллароор санал болгох юм.
Үүнээс гадна «Гүүгл», «Энвидиа», «Майкрософт» зэрэг технологийн томоохон компаниудын оролцоотойгоор 26 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татахаар тохиролцжээ.
Антропикийн орлого сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй өссөн байна. Тус компани 2026 оны гуравдугаар улиралд 17 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийн 1.4 тэрбум ам.доллароос огцом өссөн үзүүлэлт юм. Харин үйл ажиллагааны алдагдал нь буурчээ.
«Клод» хиймэл оюун ухааны системийг эрүүл мэнд, санхүү, хууль эрх зүй зэрэг салбарт өргөн ашиглаж байгаа нь орлогын өсөлтөд нөлөөлсөн байна.
Гэсэн ч хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд шаардагдах зардал өндөр хэвээр байгаа юм. Антропик компани «Амазон», «Гүүгл» зэрэг түнштэйгээ тооцоолох хүчин чадлын үйлчилгээнд нийт 900 тэрбум орчим ам.долларын зардал гаргах урт хугацааны үүрэг хүлээжээ.
Хиймэл оюун ухааны компаниудын хувьцааны ханш сүүлийн үед хэлбэлзэж, хөрөнгө оруулагчид их хэмжээний зардлаа нөхөж, ашигтай ажиллаж чадах эсэхэд эргэлзэх болсон.
Ийм нөхцөлд Антропикийн хувьцааг олон нийтэд санал болгох ажиллагаа нь хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчдын итгэл хэр байгааг харуулах томоохон үйл явдал болж байна.


















