Малаа ойр бэлчээхийг зөвлөж байна
Мэдээллийн алба

Цаг уурын байгууллагын мэдээлснээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар, 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно.
Түүнчлэн 12-ны өдөр Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Ховдын хойд, Хөвсгөлийн өмнөд сумдын нутгаар, 13-ны өдөр Баян-Өлгий, Ховдын зүүн, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв, Сэлэнгийн баруун сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.1-9.0 мм нойтон цас, цас, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.
-Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
-Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;
-Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх;
-Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
-Цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжилж, бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.


















