Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Б.Баатархүү: БЗД-т сураггүй алга болсон эмэгтэйг олохоор дрон, эрэлч нохой ажиллуулж байна

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Б.Баатархүү: БЗД-т сураггүй алга болсон эмэгтэйг олохоор дрон, эрэлч нохой ажиллуулж байна
Б.Баатархүү: БЗД-т сураггүй алга болсон эмэгтэйг олохоор дрон, эрэлч нохой ажиллуулж байна. Зураг: МҮОНРТ

Сураггүй алга болсон дөрвөн эмэгтэйг эрэн хайх  ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ, БЗД-ийн цагдаагийн газраас өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл “2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр иргэн А “Манай охин есдүгээр сарын 13-нд ажлаасаа гараад сураггүй алга болсон” гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О нь 2026 оны есдүгээр сарын 13-ны 18:00 цагийн үед өөрийн ажлын газар болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Спорт цогцолбороос гарч яваад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Таван хоногт давхардсан тоогоор 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт нэг иргэнийг яллагдагчаар татан цагдан хорьж шалгаж байна.

Дорнод аймгийн Баяндун суманд 2026 оны аравдугаар сарын 3-4-ний хооронд иргэн Ш сураггүй алга боллоо гэдэг мэдээлэл аравдугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Нийт 23 хоногийн хугацаанд 844 хүн, 146 тээврийн хэрэгсэл, 51 мотоцикл, 44 морь, 35 дронтойгоор 30 км радиуст эрэн хайх, самнах ажиллагаа зохион байгуулсан. Эрлийн болон мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа.

Увс аймагт иргэн А нь 2026 оны аравдугаар сарын 15-нд малд яваад сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэг дээр нийт 14 хоногийн хугацаанд 715 алба хаагч, 15 машин, 6 мотоцикл, 7 морь, 2 дрон, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх ажиллагаа явуулсан. Ингээд ар гэрийн хүсэлтээр аравдугаар сарын 29-ний өдөр эрлийг түр зогсоосон.

Эдгээр хэргүүдээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.

Баянзүрх дүүрэгт 36 настай Ц.А аравдугаар сарын  29-нд  гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  дарга Б.Баатархүү  “Энэ оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэн А Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарч гэртээ ирэхгүй байна гэх мэдээлэл мөн сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Тэрээр 2.6 километр явганаар явсан гэдгийг камераар тогтоосон.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 19 мянган камер ажилладаг. Харин тус дүүргийн 26, 36 хорооны нутаг дэвсгэрт 2000 орчим камер байсан. Хамгийн сүүлд цэцэрлэгийн камерт өртөөд, цаашаа аж ахуйн нэгж, айл өрх байдаггүй газарт буюу камергүй бүс рүү тухайн иргэн орсон. Тиймээс бид мөн хугацаанд тухайн орчмоор явсан 216 тээврийн хэрэгслийг олж тогтоогоод, гэрчийн мэдүүлэг авахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 1150 албан хаагчийн хүчээр таван удаагийн самналтын ажиллагаа явуулсан. Дрон, эрэлч нохой ажиллуулж, бүх газрыг нэг бүрчлэн шалгаад ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаатай зэрэгцээд эрүүгийн албаны холбогдох шалгалтууд хийгдэж байгаа” гэлээ.

Хуваалцах