Олимпын хошой аварга Татьяна Смит Нидерландын нэрийн өмнөөс өрсөлдөнө
Мэдээллийн алба

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын усанд сэлэлтийн тамирчин, Олимпын хошой аварга Татьяна Смит цаашид Нидерландын шигшээ багийн нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 10-нд цахим хуудсаараа дамжуулан энэ шийдвэрээ зарлаж, тамирчны карьераа үргэлжлүүлэхэд тулгарч буй санхүүгийн хүндрэл, бэлтгэл сургуулилалтын нөхцөлийг гол шалтгаан болгон дурдсан байна.
Өдгөө 29 настай Татьяна Смит 2021 онд болсон Токиогийн Олимпоос 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд, 2024 оны Парисын Олимпоос 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртжээ. Мөн хоёр мөнгөн медальтай бөгөөд Өмнөд Африкийн олимпын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин юм.
Тэрбээр Парисын Олимпын дараа зодог тайлснаа зарласан ч энэ оны есдүгээр сард тэмцээндээ эргэн орж, 2028 оны Лос-Анжелесийн Олимпод оролцох зорилго тавьжээ.
Өмнөд Африк болон Нидерландын давхар иргэншилтэй Смит Нидерландын шигшээ багт шилжсэнээр өндөр түвшний бэлтгэл хийх илүү сайн нөхцөл, санхүүгийн тогтвортой дэмжлэг авах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Тэрбээр уг шийдвэрийг нь зарим дэмжигч хүлээн зөвшөөрөхгүй байж болзошгүйг дурдаад, Өмнөд Африкийн усанд сэлэлтийн хамт олон, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.
Татьяна Смит арванхоёрдугаар сарын 1–6-нд Бээжин хотод болох богино замын усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Нидерландын нэрийн өмнөөс анх удаа оролцох юм. Харин бэлтгэл сургуулилалтаа Өмнөд Африк улсад үргэлжлүүлнэ.


















