Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Чөлөөт цаг

Ховордсон халимыг хамгаалахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ховордсон халимыг хамгаалахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ
Ховордсон халимыг хамгаалахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын эрдэмтэд устах аюулд орсон орка халимнуудыг хөлөг онгоцны хөдөлгөөн, усан доорх дуу чимээнээс хамгаалахын тулд хиймэл оюун ухаант төхөөрөмж туршиж эхэлжээ. Далайн усанд байрлуулсан тусгай хөвүүр халимны дуу авиаг таньж, байршлыг нь тогтоох замаар хөлөг онгоцтой мөргөлдөх эрсдэлийг бууруулах зорилготой юм.

АНУ, Канадын баруун эргийн Салишийн тэнгист амьдардаг өмнөд бүсийн суурин орка халимнууд дэлхийн хамгийн ховордсон далайн хөхтөн амьтдын тоонд ордог. Энэ сүргийн тоо толгой ердөө 76 болсон бөгөөд жил бүр намрын улиралд Вашингтон мужийн Пьюжет-Саунд булангийн усанд ирж, чинук төрлийн яргай загасаар хооллодог аж.

Гэвч худалдааны томоохон боомтуудын ойролцоох хөлөг онгоцны хөдөлгөөн халимнуудын амьдрах орчинд ноцтой хүндрэл учруулжээ. Орка халимнууд хоорондоо харилцах, орчноо мэдрэх, идэш тэжээлээ олохдоо дуу авиаг ашигладаг. Харин усан доорх хөдөлгүүрийн чимээ тэдний дуу авиаг дарах тул загас агнах, сүргийн гишүүдтэйгээ харилцахад саад болдог.

Эрдэмтдийн 2024 онд хийсэн судалгаагаар усан доорх дуу чимээний хамгийн өндөр түвшин нэг децибелээр нэмэгдэхэд эм орка халимны олзоо хөөх магадлал 58 хувиар, харин эр, эм халимны олз барих магадлал 12.5 хувиар буурчээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд технологийн Майкрософт компани, далайн судалгааны SMRU Consulting байгууллага болон Quiet Sound санаачилгынхан хамтран хиймэл оюун ухаант акустик хөвүүр бүтээсэн юм.

Төхөөрөмжийг АНУ, Канадын хил дамнасан Харо хоолойд энэ оны долоодугаар сард байрлуулжээ. Усан доорх гурван мэдрэгч далайн амьтдын дуу авиаг тасралтгүй хүлээн авч, хиймэл оюун ухаан тэдгээрийг хөлөг онгоцны хөдөлгүүр, усны урсгал болон бусад чимээнээс ялган таних үүрэгтэй.

Майкрософт компанийн хөгжүүлсэн Water SPARROW систем халимны дуу авиаг богино хугацаанд боловсруулж, тухайн бүсэд орка халим байгаа эсэхийг тогтоох боломжтой. Ингэснээр цаашид хөлөг онгоцны багийнханд урьдчилан анхааруулга хүргэж, шаардлагатай үед хурдаа бууруулах, чиглэлээ өөрчлөх нөхцөл бүрдэх юм.

Гэхдээ төхөөрөмж туршилтын шатандаа явж байгаа тул түүний илрүүлсэн мэдээллийг хөлөг онгоцны анхааруулгын системд хараахан шууд дамжуулаагүй. Судлаачид халимны дуу авиаг бусад чимээтэй андуурах эрсдэлийг бууруулж, таних нарийвчлалыг сайжруулахаар ажиллаж байгаа аж.

Үүнээс өмнө Вашингтон мужид хэрэгжүүлсэн сайн дурын хөтөлбөрийн хүрээнд худалдааны хөлөг онгоцнуудын хурдыг бууруулах арга хэмжээ авчээ. Хөтөлбөрт оролцогчдын хувь энэ улиралд 73-д хүрсэн бөгөөд хэрэгжүүлж эхэлснээс хойш усан доорх дуу чимээний түвшин зарим бүсэд 50 хүртэл хувиар буурсан гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Судлаачдын үзэж буйгаар хиймэл оюун ухаан ашиглан далайн амьтдын байршлыг илүү хурдан, нарийвчлалтай тодорхойлох нь устах аюулд орсон орка халимнуудыг хамгаалах чухал боломж юм. Цаашид энэ технологийг бусад төрлийн халим болон далайн ховор амьтдыг хамгаалахад ашиглахаар төлөвлөжээ.

Хуваалцах