Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо
Мэдээллийн алба

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт өнөөдөр боллоо.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.
Энэ удаагийн наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас чадвар, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүд:
Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг
Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг
Тусгай байр:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг
Нэрэмжит шагнал:
- Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал:Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг
- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг
Тусгай номинаци:
- Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна
- Шилдэг сургуулийн удирдлага: “Логарифм” дунд сургуулийн хамт олон
Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.




























