Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Соёл, спорт

"Улаанбаатар" пянз бүтээжээ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Улаанбаатар" пянз бүтээжээ
"Улаанбаатар" пянз бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.

Хуваалцах