Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
Мэдээллийн алба

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэл 11 минутын дотор зорчих боломж бүрдэнэ.
Харин зорчигчид Хархоринд бууснаар цааш ямар автобусанд дамжин сууж, нийслэлийн бусад чиглэлд үргэлжлүүлэн зорчих боломжтойг танилцуулъя.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлснээр Хархорин автобусны буудлаас 18 чиглэлийн автобус, ойролцоох 19-р байрны автобусны буудлаас мөн 18 чиглэлийн автобус үйлчилж байна.
Хархорин орчмын автобусны буудлаас М:1 (5 шар–Офицеруудын ордон), Ч:57 (Улаанчулуут–Монгол Улсын Их Сургууль), Ч:62 (Алтан овоо–10-р хороолол), Ч:40 (Алтан тариа–Улаанхуаран), Ч:13 (Тахилтын эцэс–3-р эмнэлэг), Ч:44 (Нарангийн гол–Дүнжингарав худалдааны төв), Ч:73 (ТЭЦ-4–Зунжин худалдааны төв), Ч:77 (Ган хийц–Цамбагарав) зэрэг чиглэлд автобус зорчиж байна. Харин 19-р байрны буудлаас М:1, Ч:57, Ч:57б, Ч:62, Ч:13, Ч:40, Ч:44, Ч:73, Ч:77, Ч:49 зэрэг чиглэлд үйлчлүүлэх боломжтой.
Автобусны үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог авч үзвэл, Хархорин орчмын 18 чиглэлд ажлын өдөр нийт 253, амралтын өдөр 211 автобус; 19-р байр орчмын 18 чиглэлд ажлын өдөр нийт 257, амралтын өдөр 214 автобус тус тус үйлчилж буй. Ингэснээр дүүжин замын тээвэр нь Яармаг–Хархорин чиглэлийн зорчих хөдөлгөөнийг холбохоос гадна Хархорин орчмын автобусны сүлжээтэй уялдан, иргэдэд хотын бусад чиглэлд нийтийн тээврээр дамжин зорчих боломжийг бүрдүүлнэ.



















