Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Гадаад мэдээ

Тайландад болсон үерийн хохирол 320 сая ам.доллароос давж болзошгүй байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландад болсон үерийн хохирол 320 сая ам.доллароос давж болзошгүй байна
Тайландад болсон үерийн хохирол 320 сая ам.доллароос давж болзошгүй байна. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангкок болон бусад мужид хүчтэй борооны улмаас үерийн нөхцөл хүндэрч, олон мянган иргэнийг түр хоргодох байранд шилжүүлжээ. Бангкокийн зарим дүүрэг гүн усанд автсанаар иргэд үерийн усыг туулан зорчиж, хүнс болон өдөр тутмын хэрэгцээт зүйлээ авахад хүндрэлтэй болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Бангкокт хоёр, гурван өдрийн дотор 320 миллиметр хур тунадас орсон нь тус хотод есдүгээр сарын турш ордог борооны хэмжээтэй бараг тэнцжээ. Их хэмжээний хур тунадасны улмаас зарим хороолол бүхэлдээ усанд автаж, хотын ус зайлуулах систем ачааллаа дийлэхгүй болоод байгаа ажээ.

Есдүгээр сарын 16-наас хойш Тайландын 41 муж үерт өртөж, найман хүн амиа алджээ. Мөн 580 мянга гаруй айл өрхийн амьдралд хүндрэл учирч, үерт автсан бүсийн 80 мянга гаруй иргэн гэрээсээ гарах боломжгүй болсон талаар Тайландын Дотоод хэргийн яам мэдээлсэн бөгөөд Бангкокт 5901 иргэнийг 234 түр хоргодох төвд байрлуулжээ.

Үерийн улмаас Тайландын эдийн засагт учрах хохирол дор хаяж 11 тэрбум бат буюу 327 сая орчим ам.долларт хүрч болзошгүй гэж Рангсит их сургуулийн эдийн засагч Аат Писанванич тооцоолжээ. Харин Тайландын Худалдааны танхимын их сургуулийн тооцоогоор улсын хэмжээнд хохирол 12.3 тэрбум бат хүрч болзошгүй бөгөөд үүний долоон тэрбум бат нь зөвхөн Бангкокт ногдох төлөвтэй байна.

Бангкокоос зүүн тийш орших Районг мужид хоёр усан сангийн ус багтаамжаасаа давсан тул эрх баригчид иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Үерийн нөхцөл удаан үргэлжилбэл эдийн засгийн хохирол цааш нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм.

Хуваалцах