МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
1/3
Соёл, спорт

"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын нээлтийн ёслол 9 дүгээр 19-нд болох ч спортын зарим тэмцээн үүнээс өмнө эхлэх гэж байна.

Тодруулбал, Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр буюу 9 дүгээр сарын 10-ны Пүрэв гарагт эхлэхээр товлогджээ.

Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд, эмэгтэйчүүдийн тэмцээн 9 дүгээр сарын 17-ноос 26-ны хооронд зохион байгуулагдана.

Хоёр ангиллын тоглолт хоёулаа Айчи олон улсын аренад явагдах юм.

Өмнөх буюу "Ханжоу -2022" Азийн наадамд эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Филиппин улс аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ түрүүлсэн билээ.

Энэ удаад Филиппин улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг аваргын цолоо хамгаалах зорилготой оролцох бол БНХАУ-ын эмэгтэй баг гурав дараалсан алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Харин Монгол Улсын хувьд энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн онцгой ач холбогдолтой.

Учир нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцож, C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай нэг хэсэгт багтсан байна.

Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хувьд эхний тоглолт 9 дүгээр сарын 18-нд болох бөгөөд тус тоглолтод Хятадын Тайванийн эсрэг өрсөлдөнө. Тоглолт Японы цагаар 13:00 цагт, Улаанбаатарын цагаар 12:00 цагт Айчи олон улсын аренад эхлэхээр товлогджээ.

Үүний дараа Монголын баг энэ сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтоо хийнэ.

Азийн наадмын сагсан бөмбөгийн түүхэнд эрэгтэйчүүдийн төрөлд БНХАУ хамгийн олон буюу 8 удаа түрүүлсэн бол Филиппин 5, БНСУ 4 алтан медальтай.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ 7 удаа аваргалж, БНСУ 4, Япон 2 удаа түрүүлсэн байна.

Хуваалцах