МҮОНРТ
Соёл, спорт

“Spider-Man: Brand New Day” кино орлогоороо тэргүүлсээр байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Spider-Man: Brand New Day” кино орлогоороо тэргүүлсээр байна
“Spider-Man: Brand New Day” кино орлогоороо тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

“Spider-Man: Brand New Day” кино Хойд Америкийн кино театруудын тасалбарын орлогын жагсаалтыг зургаа дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. Ингэснээр тус бүтээл энэ арван жилд зургаан долоо хоног дараалан тэргүүн байрт бичигдсэн хоёр дахь кино болж байна. Өмнө нь 2022 онд нээлтээ хийсэн “Avatar: The Way of Water” ийм амжилт үзүүлж байв.

Том Холландын гол дүрд нь тоглосон “Spider-Man: Brand New Day” өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын кино театруудаас 18 сая ам.долларын орлого олжээ. Харин дэлхий даяарх нийт орлого нь 2.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” 13 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Тус кино дэлхий даяар 1.63 тэрбум ам.долларын орлого олсны нэг тэрбум гаруй нь АНУ-аас бусад зах зээлд ногдож байна. Ингэснээр “The Odyssey” 2009 оны “Avatar”-аас хойш олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.долларын орлого давсан анхны кино болжээ.

Эдгээр хоёр бүтээлийн амжилт Холливудын зуны кино зах зээлийн орлогыг цар тахлын өмнөх түвшинд ойртуулахад гол нөлөө үзүүлсэн байна. Наймдугаар сарын 31-ний байдлаар АНУ, Канадын кино театруудын зуны нийт орлого 4.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Хөдөлмөрийн өдрийн урт амралтын өдрүүдийн орлогыг нэмбэл энэ хэмжээ 4.759 тэрбум ам.долларт хүрч, 2013 онд тогтоосон зуны улирлын дээд үзүүлэлтийг ялимгүй давах төлөвтэй байна.

Гэхдээ тасалбарын үнэ болон инфляцын өсөлтийг тооцвол кино театрын үзэгчдийн тоо цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй байгааг AP онцолжээ. Гэсэн ч цар тахал, кино салбарын ажил хаялт, цахим үзвэрийн үйлчилгээний эрчимтэй өсөлтийн дараа энэ зуны орлого Холливудын хувьд сэргэлтийн чухал үзүүлэлт болжээ.

Амралтын өдрүүдийн орлогын жагсаалтад “Coyote vs. Acme” 11.3 сая, “By Any Means” 7.4 сая ам.долларын орлогоор удаалжээ. Харин “Onslaught” 1.9 сая ам.долларын орлоготойгоор харьцангуй сул нээлт хийсэн байна.

Хуваалцах