МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Гадаад мэдээ

АНУ Канадын зарим барааны импортыг хориглоно

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Канадын зарим барааны импортыг хориглоно
АНУ Канадын зарим барааны импортыг хориглоно. Зураг: МҮОНРТ

АНУ Канад улсаас импортолдог зарим сүүн бүтээгдэхүүн, ихэнх согтууруулах ундаа, мотоцикл болон мопедын импортыг хориглохоор шийдвэрлэснийг Цагаан ордон мэдээллээ. Шинэ хориг есдүгээр сарын 29-нөөс хэрэгжиж эхэлнэ.

Энэ шийдвэр нь Канадын тал АНУ-ын 20 орчим тэрбум ам.долларын бараанд хариу тариф ногдуулж эхэлсний дараа гарчээ. Хоёр улсын худалдааны хэлэлцээ наймдугаар сард үр дүнд хүрэлгүй зогссоноос хойш талуудын худалдааны маргаан улам хурцадсан байна.

АНУ өнгөрсөн наймдугаар сарын 22-нд Канадын импортын ойролцоогоор таван хувьд 50 хувийн тариф тогтоосон. Вашингтон Канадын сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, автомашины салбар Америкийн үйлдвэрлэгчдэд шударга бус нөхцөл бүрдүүлж байна гэж үзжээ.

Мөн АНУ Канадын бараа бүтээгдэхүүнийг урт хугацааны томоохон төрийн худалдан авалтаас хасах арга хэмжээ авахаар болсон байна. Америкийн тал Канад улс АНУ-ын бүтээгдэхүүнд “бүрэн, шударга харилцан нөхцөл” бүрдүүлэх хүртэл энэ шийдвэр үйлчилнэ гэжээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни худалдааны дарамтад хариу болгон эдийн засгаа АНУ-аас хэт хамааралтай байдлаас гаргаж, бусад зах зээлтэй харилцаагаа өргөжүүлэх бодлогоо эрчимжүүлнэ гэв. Канадын нийт экспортын 70 гаруй хувь нь АНУ-д ногддог тул худалдаагаа төрөлжүүлэх нь богино хугацаанд хүндрэл дагуулах ч урт хугацаанд зайлшгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Канадын хариу тариф ган, хөнгөн цагаан, бяслаг, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг олон зуун нэр төрлийн барааг хамарч байгаа бөгөөд тарифын хэмжээ 15-50 хувь байна.

АНУ, Канадын худалдааны төлөөлөгчид харилцаагаа үргэлжлүүлж байгаа ч хоёр тал одоогоор хэлэлцээг яаравчлан сэргээх шинжгүй байгааг Ассошиэйтед Пресс мэдээлжээ.

Хуваалцах