Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрч, 1500 гаруй нислэг цуцлагджээ
Мэдээллийн алба

Индонезийн Зондын хоолойд, Ява болон Суматра арлын дунд орших Анак Кракатау галт уул ням гарагт дахин идэвхжиж, үнс нурам баруун нутгийн өргөн бүсэд тархсанаар агаарын тээврийн хөдөлгөөнд ихээхэн саад учруулжээ.
Галт уул ням гарагийн 03:53 цагт 30 секунд, үүнээс гурван цагийн дараа дахин 16 секунд орчим дэлбэрсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд эрх баригчид галт уулын тогооноос дор хаяж гурван километрийн зай барихыг анхааруулжээ.
Галт уулын үнс Жакарта болон Суматрагийн өмнөд хэсгийн Лампунг муж хүртэл тархсаны улмаас нийслэлийн Сукарно-Хатта, Халим Перданакусума нисэх буудлууд болон өөр зургаан нисэх буудлын агаарын орон зайг хаажээ. Ням гарагийн орой гэхэд найман нисэх буудлын хаалт 170 мянга орчим зорчигчид нөлөөлж, нийт 1558 нислэг цуцлагдсан байна. Үүнээс 963 нислэг нь зөвхөн Сукарно-Хатта нисэх буудалд ногджээ.
Галт уулын үнсний нөлөө Бали арлын И Густи Нгура Рай олон улсын нисэх буудал болон Меданы нислэгүүдэд ч хүрчээ. Индонезийн Иргэний нисэхийн ерөнхий газар агаарын тээврийн компаниуд, нисэх буудал болон цаг уурын байгууллагуудтай хамтран нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд нислэгүүд хэвийн горимд шилжих хүртэл цаашид ч саатал үргэлжилж болзошгүйг анхааруулсан байна.
Хиймэл дагуулын мэдээллээр галт уулын үнсний хоёр том үүл тогтоогджээ. Нэг нь 6100 метр, нөгөө нь 15,200 метрийн өндөрт хүрч, Жакарта, Баруун Ява, Лампунг болон Энэтхэгийн далайн хэсэг рүү тархсан байна. Индонезийн Геологийн агентлагийн мэдээлснээр Анак Кракатаугийн идэвхжил долдугаар сараас эрчимжсэн бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт тухайн үеэс хойших хамгийн хүчтэй нь болжээ.
Үнсний уналтад өртсөн зарим бүсийн сургуулиуд сурагчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс цахим сургалтад түр шилжих боломжтой болсон байна.
Анак Кракатау буюу “Кракатаугийн хүүхэд” нь 1883 онд асар хүчтэй дэлбэрч, цунами үүсгэсэн Кракатау галт уулын үлдэгдлээс бий болсон юм. 2018 онд Анак Кракатаугийн нэг хэсэг нурж, цунами үүссэнээр Суматра болон Ява аралд 430-аас доошгүй хүн амиа алдаж байжээ.











