МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай нийт дөрвөн асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа. Танилцуулгын эхэнд нийслэлийн дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор дотоодын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгааг онцоллоо. Тус санхүүжилтийн хүрээнд Дулааны V цахилгаан станцын төсөл болон нийслэлийн эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бэхжүүлэх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангах, одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын ачааллыг бууруулах, нийслэлийн зарим бүсийн дулаан хангамжийг сайжруулах боломж бүрдэх юм. Мөн 100 мянга гаруй айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болно гэв.

Эрчим хүчний оргил ачааллыг зохицуулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд 100 МВт/400 МВт.ц хүчин чадал бүхий батарей хуримтлуурын систем хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Уг систем нь оргил ачааллын үед цахилгаан тасалдах эрсдэлийг бууруулж, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид төслийн санхүүжилт, эдийн засгийн үр ашиг, эргэн төлөлт болон сонгон шалгаруулалтын явцтай холбоотой асуулт асууж, санал хэлэв.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн батарей хуримтлуурын төслийн сонгон шалгаруулалтын явц, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх төлөвлөгөө болон санхүүжилтийн нөхцөлийн талаар тодруулж, зардал, хүүгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх боломжийг судлах шаардлагатайг онцоллоо.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Д.Жавхлан үнэт цаас гаргах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг нарийвчлан тооцох шаардлагатайг хэлэв. НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр үнэт цаасны эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр шийдвэрлэх талаар тодруулж, санхүүгийн тооцооллыг нарийвчлан боловсруулах шаардлагатайг онцлов.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэхтэй холбоотой зээлийн хүү, хүүгийн зөрүү, санхүүгийн үр өгөөж болон бусад тооцооллыг нарийвчлан боловсруулж, НИТХ-ын хуралдаанд танилцуулах шаардлагатайг хэллээ. Хорооны гишүүд дээрх асуудлуудтай холбогдуулан санал, байр сууриа илэрхийлж, холбогдох асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Хуваалцах