МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газрын ээлжит хуралдаан боллоо
1/4
Гадаад мэдээ

Найк уур амьсгалын ил тод байдлаа нэмэгдүүлэх саналыг дэмжсэнгүй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Найк уур амьсгалын ил тод байдлаа нэмэгдүүлэх саналыг дэмжсэнгүй
Найк уур амьсгалын ил тод байдлаа нэмэгдүүлэх саналыг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

Спорт хувцас, гутлын үйлдвэрлэгч Найк компанийн хувьцаа эзэмшигчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардсан саналыг дэмжсэнгүй. Уг саналыг Найкийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох Норвегийн төрийн баялгийн сан дэмжиж байжээ.

Найк 2019 онд өөрийн үйл ажиллагаанаас гарах нүүрстөрөгчийн ялгарлыг 2030 он гэхэд 65 хувь, нийлүүлэлтийн сүлжээний ялгарлыг 30 хувь бууруулах зорилт тавьсан.

Компанийн 2024 оны мэдээллээр нийлүүлэлтийн сүлжээний ялгарал 2015 оны суурь түвшнээс 11 хувиар буурсан байна. Гэвч хувьцаа эзэмшигчдийн зарим нь эдгээр зорилтод хүрэх бодит төлөвлөгөө, ахицын талаар илүү тодорхой тайлагнах шаардлагатай гэж үзжээ.

Санал гаргасан хөрөнгө оруулагчдын зүгээс Найк уур амьсгалын зорилтоо орхисон гэж үзээгүй ч өмнөхтэй адил хэмжээнд анхаарч байгаа эсэх нь тодорхой бус болсон гэж тайлбарласан байна. Найк өмнө нь дахин боловсруулсан материал ашиглах, нийлүүлэлтийн сүлжээний үйлдвэрүүдийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг ажлаа дэлгэрэнгүй тайлагнадаг байсан бол сүүлийн тайланд энэ мэдээллийн оронд ялгарал, хог хаягдлын үндсэн тоон үзүүлэлтүүдийг түлхүү нийтэлжээ.

Харин компанийн Төлөөлөн удирдах зөвлөл уг саналыг эсэргүүцэж, Найк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо хэвээр баримталж байгаа бөгөөд ямар зорилт, мэдээллийг хэрхэн тайлагнахыг компанийн удирдлага өөрөө тодорхойлох нь зохистой гэж мэдэгдсэн байна.

Энэ асуудал Найк компанийн хувьд санхүүгийн хүндрэлтэй давхцаж байна. Борлуулалт саарч, зах зээлд эзлэх байр суурь нь буурсан бөгөөд компанийн хувьцааны ханш 2026 он гарсаар ойролцоогоор 40 хувиар унажээ. Гүйцэтгэх захирал Эллиот Хилл бүтээгдэхүүний шинэчлэл болон борлуулалтыг сэргээх бодлого хэрэгжүүлж байгаа аж.

Үүний зэрэгцээ хувьцаа эзэмшигчид компанийн удирдах ажилтнуудын цалин, урамшууллын саналыг баталжээ. Эллиот Хиллийн 2026 оны нийт цалин, урамшуулал 36 сая ам.доллараас давсан бөгөөд Норвегийн төрийн баялгийн сан уг саналыг мөн эсэргүүцсэн байна.

Хуваалцах