МҮОНРТ
Гадаад мэдээ

БНХАУ: Гадаадад оргон зайлсан авлигын хэрэгтнүүдийг мөрдөх эрх зүйн орчноо чангатгана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
БНХАУ: Гадаадад оргон зайлсан авлигын хэрэгтнүүдийг мөрдөх эрх зүйн орчноо чангатгана
БНХАУ: Гадаадад оргон зайлсан авлигын хэрэгтнүүдийг мөрдөх эрх зүйн орчноо чангатгана. Зураг: МҮОНРТ

Хятадын хууль тогтоогчид Хил дамнасан авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг 2026 оны наймдугаар сарын 25-нд хэлэлцэж эхэлжээ. Хуулийн төсөл нь гадаадад оргон зайлсан авлигын хэрэгт холбогдогчдыг эрэн сурвалжлах, нотлох баримт цуглуулах, хууль бус хөрөнгийг буцаан авах болон олон улсын хамтын ажиллагааг нэгтгэсэн эрх зүйн зохицуулалттай болох юм.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр төслийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ээлжит хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулжээ.

Хуулийн төсөл 6 бүлэг, 47 зүйлтэй бөгөөд хил дамнасан авлигатай тэмцэх зарчим, хамрах хүрээ, байгууллагуудын чиг үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааны механизмыг тодорхойлсон байна.

Хятадын Улс төр, хууль зүйн их сургуулийн профессор Хуо Жэншиний тайлбарласнаар Хятадын компаниудын гадаад дахь үйл ажиллагаа өргөжихийн хэрээр авлигын хэрэгтэй холбоотой нотлох баримт, сэжигтэн болон хууль бус хөрөнгө гадаад улсад байх тохиолдол нэмэгдэж, одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхэд хүндрэл учирч байгаа аж.

Тиймээс төсөлд гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, оргон зайлсан этгээдийг эх оронд нь буцаах, хууль бус хөрөнгийг эргүүлэн авах зэрэг механизмыг тусгажээ. Эдгээр зохицуулалтыг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын шаардлагатай уялдуулсан байна.

Мөн гадаадад үйл ажиллагаа явуулж буй Хятадын төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудад шударга байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийг мөрдөх үүрэг ногдуулж, зөрчил гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгохоор тусгасан байна.

Хууль батлагдвал Хятадын өмнө нь хэрэгжүүлж ирсэн “Скай Нет”, “Фокс Хант” зэрэг гадаадад оргон зайлсан авлигын хэрэгт холбогдогчдыг эрэн сурвалжлах ажиллагааны туршлагыг эрх зүйн нэгдсэн тогтолцоонд оруулах боломж бүрдэх аж.

Хятад улс 2025 онд авлигын хэрэгт холбогдон гадаадад оргон зайлсан 963 хүнийг эх орондоо буцаан авчирсан талаар тус улсын авлигатай тэмцэх дээд байгууллагын тайланд дурджээ.

Хуваалцах