Франц улс Канад, ЕХ-ны харилцааг шинэ шатанд гаргахыг дэмжив
Мэдээллийн алба

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Канадыг Европын Холбооны анхны “хамтран ажиллагч гишүүн” болгох саналыг Франц улс дэмжиж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр есдүгээр сарын 20-нд Францын хилийн чанад дахь Сен-Пьер ба Микелонд Канадын Ерөнхий сайд Марк Карнитай уулзсаны дараа байр сууриа илэрхийлжээ.
Хоёр улсын удирдагч аюулгүй байдал, эрчим хүч, сансар, худалдаа, чухал ашигт малтмал болон дэвшилтэт технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Канадын Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлснээр талууд Канад, Европын Холбооны хооронд нийтлэг үнэт зүйл, стратегийн чадавхад тулгуурласан шинэ түншлэлийг хөгжүүлэх боломжийг хэлэлцжээ.
Марк Карни Канад Европын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлснээр эдийн засаг, аюулгүй байдлын тэсвэртэй байдлаа нэмэгдүүлэх зорилготой байгааг онцолсон байна. Тэрбээр Канад ЕХ-нд бүрэн гишүүнээр элсэх бус, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах тусгай хэлбэрийн хамтын ажиллагааг сонирхож байгаагаа өмнө нь мэдэгдэж байжээ.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен есдүгээр сарын 16-нд Европын Парламентад тавьсан “Холбооны байдлын тухай” илтгэлийн үеэр Канадыг ЕХ-ны анхны “хамтран ажиллагч гишүүн” болгох санал дэвшүүлсэн юм. Гэхдээ ийм статус Европын Холбооны одоогийн гэрээ, дүрэмд албан ёсоор байдаггүй бөгөөд эрх, үүрэг нь хэрхэн тодорхойлогдох нь одоогоор тодорхойгүй байна. Ийм зохицуулалт хэрэгжихэд ЕХ-ны 27 гишүүн улсын зөвшөөрөл шаардлагатай байж болохыг эх сурвалжууд тэмдэглэжээ.
Сен-Пьер ба Микелонд хийсэн уулзалт нь Канадын Ерөнхий сайд тус Францын нутаг дэвсгэрт албан ёсоор айлчилсан анхны тохиолдол болсон байна.


















