ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа
Мэдээллийн алба

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзаж, хоёр орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр тал “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бататган бэхжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэхүү төрийн айлчлалын хүрээнд гаргасан баримт бичгүүдэд тусгасан ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удахгүй болох Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан чухал ач холбогдолтойг уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тодотгов.
Энэ үеэр Монгол Улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр БНСУ-ын хорио цээр, чанар аюулгүй байдлын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Монгол Солонгосын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагууд Монгол Улсад салбараа нээх боломж, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтарсан замын зураглал боловсруулах зэрэг асуудлыг ярилцлаа.


















