Японы Ерөнхий сайд, сайд нар цалингийн нэмэгдэл авахгүй
Мэдээллийн алба

Японы төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсан ч Ерөнхий сайд Санаэ Такаичи болон парламентын гишүүний албыг давхар хашдаг Засгийн газрын сайд нарт нэмэлт цалин олгохгүй байх зохицуулалтыг хэвээр үлдээжээ.
Тодруулбал, Японы парламентын дээд танхим арваннэгдүгээр сарын 11-нд төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийг баталсан байна. Ингэснээр 2026 оны санхүүгийн жилд төрийн захиргааны албан хаагчдын сарын цалин дунджаар 3.51 хувиар өсөж, жилийн урамшуулал 4.7 сарын цалинтай тэнцэхээр болжээ.
Япон улс төрийн албан хаагчдын цалин болон урамшууллыг тав дахь жилдээ дараалан нэмэгдүүлж байгаа юм. Энэ удаагийн нэмэгдэлд дунд шатны болон туршлагатай албан хаагчдыг түлхүү хамруулж, ажлаас гарах урсгалыг бууруулахад анхаарсан байна. Мөн шинээр ажилд орж буй их, дээд сургууль болон ахлах сургууль төгсөгчдийн үндсэн цалинг 9500 иенээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин Ерөнхий сайд болон парламентын гишүүний албыг давхар хашдаг сайд нар зөвхөн парламентын гишүүний цалингаа авна. Японы парламентын гишүүний сарын үндсэн цалин 1 сая 294 мянган иен бөгөөд үүнээс давсан хэмжээний сайдын албан тушаалын нэмэлт цалин олгохгүй ажээ.
Сануулахад, энэхүү зохицуулалтыг Японы Засгийн газар 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд анх шийдвэрлэж, мөн оны арванхоёрдугаар сард хуульчилжээ. Тухайн үед Ерөнхий сайд Санаэ Такаичи болон парламентын гишүүнээс томилогдсон сайд нарт давхар албан тушаалын нэмэлт цалин олгохгүй байхаар тогтоосон байна.
Японы Засгийн газар 2026 оны аравдугаар сарын 9-нд төрийн албан хаагчдын цалинг шинэчлэх бодлогоо батлахдаа уг зохицуулалтыг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Ийнхүү парламентын гишүүний албыг давхар хашдаг Ерөнхий сайд болон сайд нарт нэмэлт цалин олгохгүй байх шийдвэр 2026 оны санхүүгийн жилд ч хүчинтэй хэвээр үлдэж байгаа аж.


















