Трамп: Ираны эсрэг томоохон цэргийн ажиллагаа үндсэндээ дууссан
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй томоохон цэргийн ажиллагаа үндсэндээ дууссан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Танитай уулзсаныхаа дараа арваннэгдүгээр сарын 9-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Трампын хэлснээр Ираны цэргийн удирдлага ихээхэн хохирол амссан бөгөөд АНУ одоогоор томоохон цохилтоо сэргээх шаардлагагүй гэж үзэж байна. Гэхдээ Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх урт хугацааны гэрээ байгуулах шаардлагатайг онцолжээ.
Тэрбээр Ираны талтай хийж буй шууд бус хэлэлцээнд ахиц гарч байгааг дурдаад, дайныг ойрын хугацаанд дуусгах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Гэвч АНУ Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлж, бүс нутагт байршуулсан олон мянган цэргээ татах шийдвэр гаргаагүй байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Ираны агаарын довтолгооноос хамгаалах байгууламжуудад хязгаарлагдмал цохилт өгчээ.
Харин Ираны тал хэлэлцээ эхлүүлэхийн өмнө тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоох, эдийн засгийн хоригийг цуцлах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх, дайны хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа юм.
АНУ, Ираны хооронд найман сар үргэлжилж буй дайн дэлхийн шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж, олон улсын эдийн засагт хүндрэл учруулжээ. Дайныг үргэлжлүүлэх асуудал АНУ-ын дотоод улс төрд ч маргаан дагуулж байна.


















