Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Гадаад мэдээ

Трамп Цагаан ордны Зууван танхимыг үндэсний дурсгалт байгууламж болголоо

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Трамп Цагаан ордны Зууван танхимыг үндэсний дурсгалт байгууламж болголоо
Трамп Цагаан ордны Зууван танхимыг үндэсний дурсгалт байгууламж болголоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимыг үндэсний дурсгалт байгууламжийн статустай болгох тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ.

Ингэснээр ирээдүйн Ерөнхийлөгчид тус танхимын түүхэн бүтэц, архитектурыг дур мэдэн өөрчлөхөөс сэргийлэхийг зорьж байгаа аж.

Трамп арваннэгдүгээр сарын 5-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Зууван танхимыг АНУ-ын түүх, төрийн эрх мэдлийн бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, түүний анхны хийц, хэлбэрийг хадгалж хамгаалах шаардлагатайг онцолжээ.

Шийдвэрт Зууван танхимаас гадна түүнтэй залгаа өрөөнүүд болон Засгийн газрын хуралдааны танхимыг хамруулсан юм.

Эдгээрийн түүхэн онцлог, архитектурын бүрэн бүтэн байдлыг хадгалах ажлыг АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба хариуцна.

Гэхдээ уг шийдвэрээр Ерөнхийлөгчийн танхимын тавилга, чимэглэл, дотоод заслыг өөрчлөх эрхийг хязгаарлаагүй. Харин барилгын үндсэн бүтэц, түүхэн үнэ цэнтэй архитектурын элементүүдэд томоохон өөрчлөлт оруулах тохиолдолд холбогдох журмын дагуу хянан хэлэлцэхээр тусгажээ.

Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Зууван танхимын дотоод заслыг нэлээд өөрчилсөн. Тухайлбал, хана, тавилга, гоёл чимэглэлд алтлаг өнгийн элементүүд нэмж, АНУ-ын түүхэн зүтгэлтнүүдийн хөрөг болон Тусгаар тогтнолын тунхаглалын хуулбарыг байрлуулжээ.

Цагаан ордон бүхэлдээ үндэсний түүхэн дурсгалт байгууламжийн хамгаалалтад багтдаг. Гэвч Трамп Зууван танхимын онцгой ач холбогдлыг тусад нь хүлээн зөвшөөрч, хамгаалалтыг нь тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн юм.

Харин түүхэн дурсгалт байгууламжийн хамгаалалтын чиглэлээр мэргэшсэн хуульч Грег Веркхайзер энэхүү шийдвэрийн эрх зүйн үр нөлөөнд эргэлзэж буйгаа BBC-д ярьжээ. Түүний тайлбарласнаар Ерөнхийлөгчид барилгын үндсэн бүтэц болон түүхэн архитектурт гэмтэл учруулахгүйгээр танхимын тавилга, чимэглэлийг өөрчлөх өргөн эрхтэй.

Түүнчлэн уг тунхаг бичиг нь дараагийн Ерөнхийлөгчдийн эрх мэдлийг бүрмөсөн хязгаарлах баталгаа болж чадахгүйг хууль эрх зүйн мэргэжилтнүүд анхааруулжээ.

Трампын шийдвэр Цагаан ордон болон Вашингтон хотын түүхэн барилгуудыг шинэчлэх томоохон ажлуудынх нь үеэр гарсан бөгөөд эдгээр бүтээн байгуулалтын зарим нь олон нийтийн шүүмжлэл, хууль эрх зүйн маргаан дагуулж буй юм.

Хуваалцах