Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид гардууллаа.

Үндэсний шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын түүх, хэл, соёлын өвийг судлан хамгаалж, олон улсад сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналыг хүртээжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын шинжлэх ухааны салбар өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Тэрбээр Шинжлэх ухааны академийн үе үеийн эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр, бүтээлийг онцолж, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, амьдралд нэвтрүүлэхийн ач холбогдлыг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг улсын төсвийн 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Нийт 74 мянган ам метр талбай бүхий уг цогцолборын хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах, албан тасалгааны зориулалттай таван барилга ашиглалтад оржээ.

Цогцолборт төрөлжсөн лабораториуд, туршилтын үйлдвэрлэлийн цех, номын сан, хурлын танхим, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байгуулахаар төлөвлөсөн байна. Энд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын 3300 орчим эрдэмтэн, судлаач, ажилтан ажиллах юм.
Шинжлэх ухааны академийн тухайд, үндэсний эрдэм судлалын суурь 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй. Тус байгууллага 1961 онд Шинжлэх ухааны академи болон өргөжиж, Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага болон хөгжжээ.

Өнөөдөр академи нь 16 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй бөгөөд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй судлаач ажиллаж байна. Мөн дэлхийн 35 улсын 150 гаруй эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг.
Академийн эрдэмтэд түүх, археологи, байгалийн болон техникийн шинжлэх ухааны салбарт олон арван жилийн судалгаа хийж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн сан бүрдүүлжээ. Түүнчлэн 300 гаруй оюуны өмчийн эрх батлуулж, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.


















