Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ. Зураг: МҮОНРТ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-нд тохионо.

Тус өддрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээхээр боллоо.

Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны хөгжилтэй холбон, үндэсний эрдэм судлалын тогтолцоог төлөвшүүлсэн түүхэн гавьяаг нь үнэлэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулах, шинжлэх ухааны олон салбарыг хөгжүүлэх, үндэсний судлаачдыг бэлтгэх, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь онцолсон байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, төр ёс, түүх, соёлын өвийг судлан хамгаалах, улс орны хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан иргэн, байгууллагад хүртээдэг төрийн дээд шагнал юм. Мөн Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөж, улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнадаг.

Энэхүү одонг 2005 оноос хүртээж эхэлсэн бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хөгжмийн зохиолч Б.Шарав, академич Х.Намсрай, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн зэрэг нэр хүндтэй эрхмүүд хүртэж байжээ.

Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, “The Hu” хамтлаг зэрэг байгууллага, хамт олонд уг одонг хүртээсэн юм. Өнгөрсөн онд академич С.Нарангэрэл энэхүү төрийн дээд шагналын эзнээр тодорсон байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны академи нь 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй, үндэсний эрдэм шинжилгээний байгууллагын зуу гаруй жилийн түүхтэй. Тус байгууллага 1961 онд Шинжлэх ухааны академи болон өргөжиж, түүх, археологи, хэл бичиг, байгаль, техник, анагаах ухаан зэрэг олон салбарын судалгааг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж иржээ. Монголын эрдэмтэд эртний хүн төрөлхтний ул мөр, нүүдлийн соёл иргэншил, Хүннүгийн үеэс Их Монгол Улс хүртэлх түүх, археологийн дурсгалыг судлан, түүх соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн сан бүрдүүлсэн байна. Түүнчлэн байгалийн шинжлэх ухаан, сансар судлал, биологи, палеонтологи, физик, химийн салбарт олон улсын ач холбогдолтой судалгаа хийж, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Өдгөө Шинжлэх ухааны академи нь 35 улсын 150 гаруй эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, харьяа 16 хүрээлэндээ 330 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, үндэсний шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Хуваалцах