Хотын албан татварыг нэг хувь болгон буурууллаа
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хотын албан татварын хувь хэмжээг бууруулах нь аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг багасгах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Мөн хотын албан татварыг эцсийн хэрэглэгч буюу иргэд төлдөг учраас иргэдийн санхүүгийн ачааллыг тодорхой хэмжээнд хөнгөлнө гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн татварын хувь хэмжээг өөрчлөхдөө үйлчилгээний байгууллагуудын байршил, орлого, зардал зэрэг үзүүлэлтэд тулгуурласан судалгаа, тооцоог нарийвчлан хийх шаардлагатайг хэллээ. Автомашин угаалгын үйлчилгээний хувьд саарал ус ашигладаг эсэхийг нягталж, цэвэр ус үйлчилгээндээ ашигладаг бол татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байх, ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг дэмжих саналыг дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд тогтоолын төсөлд редакцын засвар оруулж, саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд хотын албан татварыг нэг хувь, цэвэр ус бол хоёр хувиар ногдуулахаар тусгалаа. Тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм


















