Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нүүдлийн соёл иргэншлийн түүхийг бүтээх олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нүүдлийн соёл иргэншлийн түүхийг бүтээх олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Нүүдлийн соёл иргэншлийн түүхийг бүтээх олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын санаачилгаар ЮНЕСКО-ийн ивээл дор бүтээх “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал ботийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ.

Гадаад харилцааны яаманд болж буй хоёр өдрийн уулзалтад олон улсын 20 орчим эрдэмтэн, судлаач, шинжээч болон ЮНЕСКО-ийн төлөөлөгчид оролцож, цуврал бүтээлийн агуулга, бүтэц, судалгааны арга зүйг хэлэлцэж байна.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болгон олон улсын түвшинд цогцоор нь судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх санаачилгыг 2023 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы үеэр дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилгыг гишүүн орнууд дэмжиж, холбогдох тогтоолыг баталжээ.

Улмаар 2025 онд Монгол Улс, ЮНЕСКО хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цуврал бүтээлийг туурвих ажлыг албажуулсан байна. Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийг төлөөлөн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч Лидиа Артур Брито нар гарын үсэг зурсан юм.

Цуврал бүтээлд Ази, Африк, Европ зэрэг бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, түүхэн онцлогийг археологийн олдвор, бичгийн сурвалж, угсаатны зүйн баримтад тулгуурлан судалж, нэгтгэн тусгахаар төлөвлөжээ.

Эхний ботийг “Төв болон Дотоод Ази” хэмээн нэрлэж, Монголын тал нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхийг голлон хамруулах юм.

Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр цуврал бүтээлийн ерөнхий үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга болон судалгааны арга зүйг хэлэлцэж байгаа бол маргааш эхний ботийн судалгааны чиглэл, агуулга, бүтцийг нарийвчлан тодорхойлохоор төлөвлөжээ.

Энэхүү уулзалт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буйгаараа онцлогтой. Мөн Монголын түүх судлалыг дэмжих төрийн бодлогын зорилттой уялдаж байгаа юм.

Монгол Улсын санаачилгаар хэрэгжиж буй уг төсөл нь нүүдлийн соёл иргэншлийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, түүх соёлын өвийг олон улсад таниулах, хойч үед өвлүүлэн үлдээхэд чиглэжээ.

Олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах