Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулна
Мэдээллийн алба

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгаас иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний ач холбогдлыг таниулах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд “Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 7 хоног” аяныг зохион байгуулж байна.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь мэс заслын үеийн өвдөлтийг хянах, биеийн байдал хүнд өвчтөний амин чухал эрхтний үйл ажиллагааг дэмжих, амь насыг аврахад чухал үүрэгтэй. Тиймээс энэхүү аянаар иргэдэд тусламж, үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулах, өвчтөний аюулгүй байдлын талаарх зөв мэдээлэл түгээх, эмч, сувилагч нарын мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахыг зорьж байна.
Өнөөдөр аяны нээлтийн үйл ажиллагаа болж, 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд эмч нарын өдөр, иргэдэд зориулсан өдөр, сувилахуйн өдөр, шинэ технологийн өдөр зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө, сургалт, танилцуулга зохион байгуулж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.



















