Төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн зураг төслийн төлөвлөлт, гүйцэтгэлд аудит хийж эхэллээ
Мэдээллийн алба

Үндэсний аудитын газраас “Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төслийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ.
Аудитаар төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн барилга байгууламжийн зураг төслийг төлөвлөх, хянах тогтолцоо бүрдсэн эсэхийг үнэлэлт, дүгнэлт өгнө.
Аудитад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам зэрэг төрийн захиргааны төв байгууллага, салбарын холбогдох газар, мэргэжлийн холбоодын зорилтот арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлийн 2023-2025 оны үр дүнгийн тайлан, барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт болон холбогдох баримт бичиг, мэдээллийг хамруулна.

Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын Аудитын менежер Б.Сандуйжав хийж, аудитад шалгагдагч, хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцууллаа.
Аудитын үе шатны ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, үр дүнгийн тайланг 2026 оны 12 дугаар сарын 8-ны дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна.


















