Сонгинохайрхан дүүрэгт хэргийн газрыг 3D орчинд баримтжуулах технологи нэвтрүүллээ
Мэдээллийн алба

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэст криминалистикийн ажиллагаанд ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Улсын хэмжээнд шүүх шинжилгээний хэрэглээнд анх удаа нэвтэрч буй уг 3D сканнер нь хэргийн газрын орчин, объект, эд мөрийн баримт болон бусад мэдээллийг гурван хэмжээст өгөгдөл болгон бүртгэж, миллиметрийн нарийвчлалтайгаар дижитал орчинд хадгалах боломжтой юм. Ингэснээр хэргийн газрын бодит нөхцөл байдлыг тухайн үеийн байдлаар нь баримтжуулж, шаардлагатай үед дахин үзэх, хэмжилт хийх, орон зайн мэдээлэлд шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн зам тээврийн осол болон бусад хэргийн газрын үзлэгийн үед уламжлалт хэмжилт, зурагжуулалтыг дэмжихээс гадна хүрэхэд хүндрэлтэй, эрсдэлтэй байршлыг зайнаас аюулгүй баримтжуулах давуу талтай байна. Ингэснээр хэргийн газрын үзлэг, хэмжилтийг богино хугацаанд, илүү нарийвчлалтай хийхийн зэрэгцээ хадгалсан мэдээллийг дахин шинжлэх боломж бүрдэж, мөрдөн шалгах болон шүүх шинжилгээний ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс холбогдох байгууллагуудын техник, технологийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үе шаттайгаар шийдвэрлэж байна.





















