“Монгол бахархал-бүтээлч сар” аян 11 нэгдүгээр сард болно
Мэдээллийн алба

Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах нь үндэсний оюун санааны дархлааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн 2026 онд Монголын төрт ёсны түүхэнд 1206 оны Их хуралдайгаар Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдлын 820 жилийн ой тохиож буй нь үндэсний түүх, соёл, төрт ёсны уламжлал, бахархалт өв түгээн дэлгэрүүлэх онцгой ач холбогдолтой цаг үе тохиож байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас эдгээр түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэнэ, бахархалт хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарыг “МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ” сарын аян болгон тэмдэглэж улс, бүс, орон нутаг, байгууллагын түвшинд хэрэгжүүлж ажиллах чиглэлийг төрийн болон орон нутгийн өмчийн соёл урлагийн байгууллагуудад хүргүүлэв.
Соёл, боловсрол, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид та бүхэн үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахыг уриалж байна.
ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЧ САРЫН ХҮРЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНД:
Соёл, уламжлал, түүхээ хүндэтгэх сэтгэлгээг төлөвшүүлэх,
Үндэсний хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэ цэнийг таниулах,
Төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл туурвил, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлах, тусгаар тогтнолын үнэ цэн, эрх зүйт соёлын ухамсрыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулагдана.



















