МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Соёл, спорт

Дакар-2026 залуучуудын олимпын гал Сенегалыг зорилоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дакар-2026 залуучуудын олимпын гал Сенегалыг зорилоо
Дакар-2026 залуучуудын олимпын гал Сенегалыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Дакар-2026 залуучуудын олимпын наадмын гал бамбарыг асаах, хүлээлгэн өгөх ёслол Грекийн Афин хотын Панатинаик цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Ёслолын үеэр Грекийн Олимпын хорооны ерөнхийлөгч Исидорос Кувелос олимпын галыг Дакар-2026 наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Мамаду Дианья Ндиайд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Ёслол есдүгээр сарын 10-нд болсон бөгөөд Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри оролцжээ.

Олимпын галыг тусгай дэнлүүнд байрлуулан Сенегал руу авч явсан бөгөөд Дакарт есдүгээр сарын 12-нд албан ёсоор угтан авна. Улмаар есдүгээр сарын 14-нөөс улс даяар буухиа аялж, Сенегалын 14 бүс нутгийг хамраад наадмын нээлтийн өмнөх өдөр өндөрлөхөөр төлөвлөжээ. Буухианд спорт, залуучууд, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 450 орчим хүн оролцоно.

Олон улсын олимпын хорооны мэдээлснээр Дакар-2026 залуучуудын олимпын наадам энэ оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд Сенегал улсад зохион байгуулагдана. Наадамд 2700 орчим залуу тамирчин оролцож, 25 спортын төрлөөр өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Дакар-2026 нь Африк тивд зохион байгуулагдах Олимпын хөдөлгөөний анхны арга хэмжээ гэдгээрээ түүхэн ач холбогдолтой. ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри энэ наадам Африкийн залуусыг спортод татан оролцуулах, Олимпын хөдөлгөөнийг тив даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцолжээ.

Хуваалцах