МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Улс төр

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө
БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга 23 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийн, хоёр улсын парламент хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Лхагва гарагт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Хулан болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг Пүрэв гарагт (2026.09.20) Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт албан ёсоор угтан мэндчилсэн. Эрхэмсэг зочдыг угтан авсны дараа Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан.

Үргэлжлүүлэн албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.

Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ноён Чан Тань Ман илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр оролцуулахаа мэдэгдсэн.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид Хо Ши Минь-ий нэрэмжит нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, энэ үеэр 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлснээ ноён Чан Тань Ман дуулгаж байлаа.

Улмаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зурсан энэхүү үйл явдал нь хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Ж.Баясгалан нар бараалхаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Вьетнам Улс руу мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд экспортлох боломжийн талаар санал солилцсон. Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман эдгээр асуудлыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхаж, энэ үеэр талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн юм.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хуваалцах