МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Улс төр

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.

Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.

Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.

Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно. Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулнэ гэж төсөл санаачлагчид үзжээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хуваалцах