Багахангай-Хөшгийн хөндий, эмээлт чиглэлийн шинэ төмөр замын тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгав
Мэдээллийн алба

”Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт” чиглэлийн шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагааны өмнө буюу өчигдөр (2026.10.10) "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс тусгай үүргийн галт тэрэг аялуулж, төмөр замын тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгалаа.
Уг галт тэргээр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон төмөр замын байгууллагуудын удирдлагууд хамт зорчиж, нээлтийн үйл ажиллагааны өмнөх бэлтгэл болон тээвэрлэлтийн бэлэн байдалтай биечлэн танилцлаа.

Энэхүү шинэ төмөр зам нь 127.1 км урттай бөгөөд шинэ төмөр замын трасс нь маршрутын хувьд, Багахангай дүүрэг дэх "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төв магистрал шугамын Багахангай өртөөнөөс салаалж эхлээд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын урдуур баруун тийш чиглэн Алтанбулаг сумын нутгаар дамжин, Улаанбаатар хотын баруун урд талын Шувуун фабрик орчмоор өгсөж буй юм.
Маршрутын энэ хэсэгт монгол инженерүүд, төмөр замчдын амаргүй шийдэл бүхий Туул гол дээгүүр Монголын хамгийн урт гүүр буюу 476 метр урттай төмөр замын гүүрэн байгууламж дээгүүр дамжин төгсгөл цэг нь Улаанбаатар хотын баруун зүгт "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн “Эмээлт” өртөөнд холбогдож байна.

Үндэсний компаниуд, монгол инженер техникийн ажилтнууд, төмөр замчдын бүтээн босгосон энэ шинэ төмөр зам нь Улаанбаатар хотын төв дундуур дамжин өнгөрдөг аюултай болон хүнд ачаа тээврийн урсгалыг оновчтой зохион байгуулах, тэр дундаа нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тээвэр, логистикийн шинэ боломжийг бүрдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм.
Энэ өдрийн тусгай галт тэрэгний аялал нь шинэ төмөр замын нээлтийн өмнөх бэлтгэл ажлын нэг хэсэг бөгөөд бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгахад чиглэв


















