Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна.

"Дулаанбаатар" аяны ээлжит уулзалт өнөөдөр (2026.10.10) Сонгинохайрхан дүүрэгт болж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц нар оролцон иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

bc054056e9444ba0907c1b9a0057c534

Уулзалтын үеэр гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж болон цэвэр, бохир усны бие даасан шийдлүүдийг танилцуулж, эдгээр технологид зориулсан хөнгөлөлттэй "Ногоон зээл"-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Гэр хорооллын иргэд өдөрт 4-6 цагийг гал түлэх, ус зөөхөд зарцуулж байна.

e6ec89ba1e5043708d037cddf8be9ab9

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ: "Гэр хорооллын иргэд өдөрт дунджаар 4-6 цагийг гал түлэх, мод хагалах, ус зөөх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулж байна. Үүнийг шийдвэрлэснээр илүү их цагийг сурч боловсрох, ажиллах, гэр бүлдээ зарцуулах боломж нээгдэнэ. Иргэд заавал орон сууц хүлээхгүйгээр утаа, ил жорлонгүйгээр, тав тухтай буюу хашаандаа сайхан амьдрах боломжийг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор бүтээх нь бидний үндсэн зорилго юм" гэлээ.

c2f68b7ddbb64d0f918730a002452851

Түүнчлэн, сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрөөс утаатай тэмцэх нэрийн дор зуух, нүүрс тарааж их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч бодитой үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь төр дангаараа бүхнийг шийдэх гэж оролдсонд оршиж байсан гэдгийг онцлов.

Цоорхой хувинг усаар дүүргэж болдоггүйтэй адил дулаалгагүй байшинг халаах боломжгүй

Дулаалга хийгээгүй гэр, амины сууцыг хичнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь "цоорхой хувинг усаар дүүргэх"-тэй яг ижил бөгөөд хамаг дулаанаа гадагш нь алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг уулзалтын үеэр онцгойлон санууллаа. Тиймээс утаагүй, эко өрх болох хамгийн эхний бөгөөд ухаалаг алхам бол гэр, байшингаа дулаалах юм.

8d096d4cd36c4d03a0e86287c7329994

Өнөөдөр хувийн хэвшлийн зүгээс гэр болон амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг иргэдэд санал болгож байна. Гэр, сууцыг стандартын дагуу маш сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хүртэл хэмнэх бүрэн боломжтой бөгөөд үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нь нүүрс худалдан авах өртгөөс ч бага тусдагийг онцоллоо.

Мөн “Дулаан шийдэл II” болон “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын нийт үнийн дүнгийн 50-60 хувийн санхүүжилтийг төслөөс буцалтгүйгээр гаргаж өгдөг нь иргэдэд очиж буй маш том давуу тал, бодит дэмжлэг болж байна. Одоогийн байдлаар эдгээр төслийн тусламжтайгаар нийслэл болон орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг амжилттай нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ бодитоор бууруулан, дотоод орчны агаарын чанараа сайжруулж чаджээ.

1d27c4fe44f34b618b3a9085ae351db1

Харин уулзалтын үеэр иргэдийн зүгээс тоног төхөөрөмжийн үнэ өндөр, дахин төлөвлөлт удаашралтай байгаа зэрэг асуудлыг хөндөж, Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа тухай шүүмжлэл хэлэв. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудал орхигдож, дахин төлөвлөлтийн ажил гацаж, удаашралтай байгааг хөндлөө. Түүнчлэн зах зээл дээр хувийн хэвшлийнхэн чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодог асуудлыг хөндөн асуулт тавьсан юм.

a49aeb36275c482ead0e80ea5956bf55

Эдгээр асуулттай холбогдуулан Ажлын хэсгээс дараах тайлбарыг өгөв. Иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах өндөр зардлыг нэг дор гаргах боломж хомс байдаг. Тиймээс арилжааны банкуудтай хамтарсан "Ногоон зээл"-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдээ хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах буюу иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэлээ. Мөн тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ мэдэгдэв.

b0facecab5074ba38b7daf5a0f85a583

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлага, бодит үр дүнг иргэдэд түгээн сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна

Хуваалцах