“Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтыг 10 дугаар сарын 23-ны өдөр тус улсын Хельсинки их сургуулийн Их танхимд толилууллаа.
Тоглолтыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Юха Ринтамаки нээж, энэхүү үйл явдал нь хоёр орны соёлын харилцаа, ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн монгол орон, монголчуудтай холбоотой судалгаа, захидал харилцаа, архивын үнэт баримтыг Хельсинки их сургууль нь хадгалж ирсэн түүхийн нандин холбоотой бөгөөд өнөөдөр ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монголын үндэсний урлаг, дэлхийн сонгодог, орчин үеийн бүтээл, Финландын ард түмний бахархалт ая дууг уг хүндэтгэлийн тоглолтод сорчлон багтааж, морин хуурын эгшиг, уртын дууны уужим аялгууг энэ танхимд эгшиглүүлсэн нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх, түүхэн замналын үргэлжлэлийг бэлгэдсэн онцлох үйл явдал боллоо.




















