Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
Мэдээллийн алба

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамт олонд, Хархорум хотын Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогын газрын дарга Б.Оюунбат Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явцын талаар танилцуулга, мэдээлэл өгөв.
Тус хотын Захирагчийн ажлын алба нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны 230 дугаар зарлиг, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоол, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2026 оны 116, 117 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Уулзалтаар хотын усны нөөц, гадаргын ус ашиглах боломж, цэвэрлэсэн усыг дахин ашиглах шийдэл болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа, төлөвлөлтийн ажлуудын явц, бүтээн байгуулалт, цаашид хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн зарчимд нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот болгон төлөвшүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Уулзалтад яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцлоо.




















