Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

Шүлхийн намрын дархлаажуулалтад 5 сая мал хамруулав

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Шүлхийн намрын дархлаажуулалтад 5 сая мал хамруулав
Шүлхийн намрын дархлаажуулалтад 5 сая мал хамруулав. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 16.3 сая толгой мал хамруулж 94.3 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.

Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна.

Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотгол хүлээгдэж байна.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 47.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 11.6 сая толгойг 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Ямааны годронгийн вакцины омог гарган авах, үйлдвэрлэхтэй холбоотойгоор нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын нөөцөөс шийдвэрлэн, 1.5 сая тун вакциныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн шүлхийн вакцины савлагааны ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг гарч, шуурхай ажиллаж байна.

Ямааны годрон өвчний нөхцөл байдал ба авч буй арга хэмжээ:

Ямааны годрон нь микоплазмаар үүсгэгддэг, ямааны амьсгалын эрхтэн тогтолцоог голлон гэмтээдэг, өвчлөл, хорогдол өндөртэй, ямаа болон янгир, аргаль, бөхөн, хар сүүлт зэрэг зэрлэг амьтан өвчлөх эрсдэлтэй гоц халдварт өвчин юм.

Годрон өвчин 2026 оны 5 болон 9 дүгээр саруудад Дорноговь (Хөвсгөл сум), Говь-Алтай (Цогт, Дэлгэр сум), Төв (Алтанбулаг сум) аймгуудад лабораторийн шинжилгээгээр дахин батлагдсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Саятан сүрэг дэлгүүр”-ээс орон нутагт борлуулсан ухнаар дамжин 11 аймгийн 14 байршилд халдвар тархсан болохыг мөшгөн тогтоож, холбогдох нутаг дэвсгэрүүдэд хязгаарлалтын дэглэмийг шуурхай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд холбогдох хууль хяналтын байгууллага буюу Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шалгуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллага, холбогдох албан тушаалтнууд хаана алдаа гаргасан байгааг олж илрүүлэх, гаргасан алдаа дутагдал, хариуцлагын асуудлыг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох хүрээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох судалгааг хийж байна.

Зориудын устгал ба нөхөн төлбөрийн асуудал:

Лабораторийн шинжилгээгээр батлагдсан Говь-Алтай аймгийн Цогт суманд 47 өрхийн 23,358, Дэлгэр суманд 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг суманд 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 4 өрхийн 732, нийт 54 өрхийн 26,108 толгой ямааг устгах шаардлага үүссэн.

Харин зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26,840 толгой ямааг хамруулаад байна. Говь-Алтай болон Төв аймагт устгалын ажил дууссан.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох журмын дагуу гоц халдварт өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тухайн орон нутгийн статистикийн газраас гаргасан зах зээлийн жишиг үнэлгээний 90 хувиар тооцон олгодог.

Устгалд хамрагдсан 26,840 толгой ямааны зах зээлийн жишиг үнэлгээ 5.96 тэрбум төгрөг болсон бөгөөд 90 хувийн нөхөн олговроор нийт 5,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Улсын онцгой комисст хүргүүлээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай хангах, ургац хураалтыг бүрэн дуусгах, махны экспортыг дэмжих болон ямааны годрон зэрэг гоц халдварт өвчний тархалтыг зогсоож, зориудын устгалын нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Хуваалцах