Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Мэдээллийн алба

Газар тариалангийн салбарын технологийн үйл ажиллагааг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
Ургац хураалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа, 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс, 11.9 мянган га-гаас 177.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн, тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн ургац тус тус хураан аваад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац 147.3 мянган тонноор буюу 40.9 хувиар, төмс 63.1 мянган тонноор буюу 40.7 хувиар, хүнсний ногоо 15.4 мянган тонноор буюу 10.1 хувиар, таримал тэжээл 69.1 мянган тонноор буюу 46.8 хувиар, тосны ургамал 1.4 мянган тонноор буюу 8.5 хувиар ургац тус тус ахиу байна.


















