Ц.Идэрбат: Улсын хэмжээнд нийт 1.3 сая тонн ургац хураан аваад байна
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллаж, төвийн бүсийн тариаланчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлага, технологийн арга хэмжээгээр хугацаанд нь ханган ажиллаж буйгаа онцлоод, цаг агаарын тогтворгүй байдал болон тулгарсан олон сорилтыг давж, арвин ургац хураан авч буй тариаланчдад талархал илэрхийллээ.
Мөн энэ жилийн тариалалтын хугацаанд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим бүс нутагт ажил хойшилж, ургац хураалт урьд жилүүдээс 10-14 хоногоор сунгагдсан хэдий ч зуны саруудад хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцолсон юм.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 509.6 мянган тонн улаанбуудай, 169.1 мянган тонн төмс, 196.1 мянган тонн хүнсний ногоо, 349.1 мянган тонн тэжээлийн ургамал, 46.1 мянган тонн тосны ургамал нийтдээ 1.3 сая тонн ургац хураан аваад буйг мэдээлэв.
Түүнчлэн салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, стратегийн нөөц бүрдүүлэлт, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Өнгөрсөн хавар олгосон үрийн дэмжлэг, хөнгөлөлттэй хөнгөлөлттэй зээл, шатахууны хангамж, урамшууллын үйл ажиллагаа болон экспортын боломж, тэжээл болон таримал ургамлыг гадаад зах зээлд экспортлох гарц, боломжийн талаар тариаланчдад танилцууллаа.
Тариаланчдын зүгээс төрөөс цаг үеэ олсон бодит дэмжлэгүүдийг үзүүлсэнд талархал илэрхийлж, улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэхэд анхаарах тухай санал хэлж, тариаланчдад тулгарч буй бусад асуудлуудыг хөндөн ярьж, сайдад санал хүсэлтээ уламжлав.


















