Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
Мэдээллийн алба

Монгол Улс өрхийн түвшинд цэвэр, аюулгүй, найдвартай, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор салбар дундын уулзалтыг зохион байгуулж байна.
“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ агаарын бохирдлыг бууруулах асуудлыг зөвхөн түлш солих, яндангийн тоог цөөлөх хүрээнд авч үзэж болохгүй.
Үүнийг хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, барилгын дулаан алдагдал зэрэг олон салбарын бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.
Мөн Засгийн газраас 2040 он гэхэд нийслэл хотод хатуу түлшний хэрэглээнээс бүрэн татгалзах зорилтын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөг 15 яам, холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, 64 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Бодлогын дараагийн томоохон шилжилт бол дулаан хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлж, айл өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан болон хийн халаалтад үе шаттай шилжүүлэх явдал юм.
Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулж, нийслэлээс гадна аймгуудын хот, суурин газрын түлшний хэрэглээнд шинэчлэл хийхээр зорьж байна.
Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээвэр, эрчим хүчний хэмнэлтийг дэмжиж, ногоон санхүүжилтийн тогтолцоог өргөжүүлэх шаардлагатай.
Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөс хамааралтай байлгахгүйгээр хувийн хэвшил, олон улсын санхүүжилт, карбон зах зээлийн боломжийг ашиглах нь чухал.
Бидний зорилго бол агаарын бохирдлын өнөөдрийн түвшинг бууруулаад зогсохгүй, бохирдол дахин үүсэх нөхцөлийг бүрдүүлж буй суурь шалтгааныг арилгаж, урт хугацаанд тогтвортой ажиллах бодлогын тогтолцоог бий болгох явдал юм гэлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Тогтвортой хөгжлийн 7-р зорилтын хэрэгжилтийн явцын тайланд 2024 оны байдлаар Монгол Улсын хот суурин газрын хүн амын 76 хувь, хөдөөгийн хүн амын 22 хувь нь хоол хүнс бэлтгэхдээ цэвэр түлш, технологийг ашиглаж байгааг дурьдсан нь өрхийн цэвэр эрчим хүчний хүртээмжийн ялгааг харуулж байна.
Иймээс шилжилтийн үйл явц нь хот суурин, хот орчмын болон хөдөө орон нутгийн өрхүүдийн ялгаатай хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд үүний зэрэгцээ эмзэг бүлгийн болон эрчим хүчний ядууралд өртсөн өрхүүдийг орхигдуулахгүй байх шаардлагатай" гэв.
ДЭМБ-ын тооцооллоор 2021 онд Монгол Улсад гадаад болон өрхийн дотоод орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөлөл нь 2,895 нас баралтын тохиолдолд нөлөөлсөн байна.
Үүнд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс хамгийн их өртөж байгаа нь Эрүүл мэндийн яамны судалгаагаар батлагдаад буй.
Статистик мэдээллээр 2024 онд улсын хэмжээнд 10,000 хүн амд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөл 1,848.9, зүрх судасны тогтолцооны өвчлөл 1,340.9 болж, сүүлийн 10 жилийн дунджаас тус тус 238.9 болон 198.7 тохиолдлоор нэмэгджээ.



















